Б.Бямбасүрэн

@byambaZGM

Шинэ он гарсаар энэ сарын турш бид Олон улсын стандартын академи болон гаднын экспертүүдтэй хамтран компанийн засаглал, менежментийн тогтолцоог сайжруулахын тулд ISO буюу олон улсын стандартыг нэвтрүүлэх нь ямар ашиг тустай талаар чамгүй мэдээлэл хүргэсэн. Өнгөрсөн хугацаанд стандарт гэж юу болох, түүний хэрэгцээ шаардлага, ISO 9001 чанарын менежментийн тогтолцоо болон ISO 10001 хэрэглэгчийн сэтгэл ханамж зэрэг стандартын талаар мэдлэг, мэдээлэл болохуйц ярилцлагуудыг тоймлоод байна. Харин энэ удаад аялал жуулчлалын аюулгүй байдлын ISO 21101 стандартын талаар Евроазийн “Эксперт” группийн ерөнхий менежер Махмуд Албековтой ярилцлаа.

 -ISO 21101 стандартын талаар ерөнхий мэдээлэл өгөхгүй юу. Энэ ямар салбарт үйлчилдэг стандарт юм бол?

-Аялал жуулчлалын салбар дэлхийн улс орнуудад эрчимтэй хөгжиж байна. Энэ салбар улс орны эдийн засгийг тэтгэж, төсвийн дийлэнх хэсгийг бүрдүүлж байна. Түүнчлэн ажлын байр нэмэгдэж, жижиг компаниудын хувьд орон нутгаа түшиглэн өсөж өндийх сайхан боломж болсоор. Тиймээс энэ салбарыг цаашид тогтвортой хөгжүүлэхэд нөлөөлөх хамгийн чухал зүйл бол нэг талаас жуулчид, нөгөө талаас компанийн үйл ажиллагааны аюулгүй байдал юм.

Тухайн улсын дотоодын эрх зүйн зохицуулалтаар аюулгүй ажиллагааны дүрэм журмыг тодорхой хэмжээнд шийдсэн байдаг. Гэхдээ зайлшгүй хэрэгцээ шаардлагын үүднээс 2014 онд ISO 21101 адал явдалт аялал жуулчлалын олон улсын стандартыг баталж, хэрэгжүүлж эхэлсэн. Адал явдалт аялал жуулчлалын салбар өргөн хүрээг хамрана. Усанд шумбах, агаарт хөөрөх, элсэн цөлөөр аялах зэрэг бол энгийн жишээнүүд. Энэхүү стандартын хамгийн гол зорилго бол бүх төрлийн аялал жуулчлалын үйл ажиллагаанд эрсдэлд суурилсан менежментийн тогтолцооны хүрээнд эрсдэлийг таних, илрүүлэх, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, үүний үр дүнд жуулчдын аюулгүй байдлыг хангах, тэдний аюулгүй байдалд баталгаа өгөх явдал юм. Өөрөөр хэлбэл тухайн жуулчин аялалд гараад гэртээ ирэх хүртэл хугацаанд бүрэн аюулгүй байх явдлыг хангадаг стандарт бол ISO 21101 гэж ойлгож болно.

 -Аялал жуулчлалын салбарын аюулгүй ажиллагааг хангах стандарт гэж ойлголоо. Та энэ стандартын хэрэгжилтийн талаар илүү дэлгэрэнгүй тайлбарлахгүй юу

-Энэ стандарт нь ISO 9001, OHSAS 18001 зэрэг бусад менежментийн тогтолцооны стандарттай ижил түвшинд яригддаг. Эдгээр олон улсын стандартууд эрсдэлд суурилж ажилладаг бөгөөд тухайн салбарт гарч болох үйл ажиллгааны бүх эрсдлийг судалж, тооцоолж, тэдгээрийг даван туулах, урьдчилсан сэргийлэх арга замыг хэрэгжүүлдэг. Жишээлбэл, хээр талд автомашинаар аялах бол тухайн техник эвдрэх эрсдэлтэй. Иймд хоёр автомашинтай явж, нэг нэгнээ нөхөх, эсвэл утасны сүлжээ барихгүй тохиолдолд сателлит утас давхар ашиглах, тухайн жуулчны аюулгүй байдлыг хангах үүднээс амрах, өвдсөн тохиолдолд эмнэлгийн тусламж авах тодорхой цэгүүдийг үүсгэх гэх мэт арга замаар ажиллана. Тэрчлэн компаниуд энэхүү стандартыг хэрэгжүүлж буйгаа жуулчдад сурталчилснаар найдвартай, аюулгүй гэсэн ойлголт тэдэнд төрж, тухайн компанийг сонгох давуу тал болно. Энэ хэрээр таны бизнес амжилттай өргөжиж, орлого ч ахиу болно.

-Монгол Улсын хувьд аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх бүрэн боломж байна. Гагцхүү арга замаа олохгүй байх шиг?

-Монголын хувьд адал явдалт аялал жуулчлалыг хөгжүүлэх бүрэн боломжтой гэж харж байгаа. Та бүхэнд онгон дагшин байгаль, өргөн уудам тал нутаг, уул ус, ургамал амьтан гээд бүх зүйл байна. Тиймээс энэ нөөц боломжоо ашиглан дэлхийн жуулчдыг татах, сонин содон газар байгуулах, дэлхийд Монголыг сурталчилах тун сайхан боломж байна. Тухайлбал, Египтэд элсэн цөлөөр аялуулах тур тун амжилттай ажиллаж ирсэн. Иймд Монгол Улс тал нутгийн аялал жуулчлалыг хөгжүүлж яагаад болохгүй гэж.

Нөгөө талаас авч үзвэл Египетийн төсвийн багагуй хувийг бүрдүүлж ирсэн аялал жуулчлалын салбар уналтанд ороод байгаа. Энэ нь аялал жуулчлалын компаниуд жуулчдад аюулгүйн баталгаа өгч чадахгүй байгаатай голчлон холбоотой. Иймд тухайн орны төр засгийн зүгээс бодлогоор улс орны гадагшаа гарах зөв дүр төрхийг бүрдүүлэх нь салбарын хөгжилд чухал ач холбогдолтой. Үүний дотор жуулчдын аюулгүй байдлын асуудал салшгүй чухал хэсэг нь мөн. Иймд энэхүү стандартыг нэвтрүүлэх арга замаар төр засгийн зүгээс холбогдох байгууллагууд болон ТББ-уудаар дамжуулан салбарын аж ахуйн нэгжүүдэд үйл ажиллагааны аюлгүй байдлыг хангах тал дээр  “сайн туршлага”-ыг үлгэрлэн харуулах нь чухал.

-Аялал жуулчлалын компаниуд ашигтай ажиллахыг хүсэх нь мэдээжийн хэрэг. Үүний тулд тэд юу хийх ёстой вэ. Энэ стандарт ямар баталгаа өгч байна вэ?

-Гэрчилгээ бол компанийн зорилго байх ёсгүй. Энэ бол олон улсын стандартын тогтолцоо тухайн компанид нэвтэрснийг нотолж байгааг харуулдаг бичиг баримт. Хамгийн гол нь компаниуд энэ тогтолцоог бүрэн дүүрэн ойлгож, бизнестээ амжилттай нэвтрүүлэх нь зүйтэй. Үүний тулд нэгдүгээрт, тухайн бизнесийн үйл ажиллагаанд шинжилгээ хийн, дотоод болон гадаад оролцогчдыг тодорхойлох, хоёрдугаарт, эрсдэлийг тооцоолж, нөөцөө үр ашигтай хуваарилах, гуравдугаарт, үйл ажиллагааныхаа дүрэм журмыг тогтоох юм. Энэ бүхнийг хэрэгжүүлж, дүн шинжилгээ хийж, хамгийн гол нь үйл ажиллагаагаа тогтмол сайжруулах нь зөв зам болно. Эдгээр алхмуудыг хэрхэн, яаж хийх талаар дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл манай сургалтад хүрэлцэн ирээрэй. Бид та бүхний хүссэн бүхий л мэдээллийг өгнө.

-Зарим компаниуд гэрчилгээ авчихаад үйл ажиллагаагаа зохих дүрэм журмын дагуу хэрэгжүүлдэггүй. Энэ тохиолдолд ямар арга хэмжээ авдаг вэ?

-Адал явдалт аялал жуулчлалын аюулгүй байдлыг хангах стандартын бүрэлдэхүүн хэсэгт  ISO 10103 буюу “оролцогчдыг мэдээлэлээр хангах” хэмээх дагалдах стандарт бий. Энэ нь бүх мэдээллийг тухайн жуулчинд хүргэх, нөгөө талаар тухайн жуулчны хүссэн мэдээллийг өгөх үүрэгтэй стандарт юм. Үүний дагуу тухайн жуулчинтай холбоотой ямар нэгэн бэртэл гэмтэл г.м. аюулгүй байдалд нь зөрчил гарвал заавал бүртгэх ёстой байдаг. Тухайн компани үйл ажиллагаандаа аюулгүй байдлыг хангаж чадаагүй мэдээлэл бүрийг өөр бусад жуулчин харах эрхтэй. Нэг үгээр бол, хариуцлагын тогтолцоог давхар нэвтрүүлсэн гэж ойлгож болно. 

-Сургалтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу. Хэзээ болох вэ?

-Сургалт 2-дугаар сарын 01-нээс 3-ныг хүртэл үргэлжилнэ. Тус сургалтанд ISO 21101 олон улсын стандартыг хэрэгжүүлэхэд тавигддаг шаардлагуудыг танилцуулах, бичиг баримт бүрдүүлэлтийг хэрхэн хийх болон стандартыг яаж нэвтрүүлэх үйл явцыг тайлбарлана. Энэ сургалтад сууснаар практик туршлагаас суралцах бөгөөд өөрийн бизнест зориулсан тогтолцоог хэрхэн хөгжүүлэх боломжийн талаар зааж сургана. Ингэснээр тухайн стандартыг өөрийн байгууллага дээр хэрэгжүүлэхэд илүү амар дөхөм болно гэсэн үг. Мөн тус стандартыг дэлгэрүүлэн түгээх үүргийг хүлээсэн НҮБ-ын дэргэдэх Дэлхийн аялал жуулчлалын байгууллагаас гаргасан олон заавар, журам, статистик мэдээлэлтэй танилцах боломж бий. Мэдээж хэрэг, та энэхүү стандартыг өөрийн бизнестээ нэвтрүүлэхийг хүсвэл сургалтад суугаад, гэрчилгээ авах бүрэн боломжтой гэдгийг хэлэхэд таатай байна. 

-Ярилцсанд баярлалаа.

Үзүүлэлт

Аялал жуулчлал ба эдийн засаг

Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын 2012 онд гаргасан судалгаагаар

·         Дэлхий даяар жилд 1 тэрбум жуулчин аялж байна

·         Дэлхийн нийт ажлын байрны 9 хувь буюу 11 ажлын байрны 1 нь аялал жуулчлалтай холбоотой

·         Дэлхийн эдийн засгийн 6 хувийг энэ салбар эзэлж байна.

Жишээ:Шинэ Зиланд улс
Жуулчдын аюулгүй байдал:
 Жуулчидтай холбоотой 15000 тохиолдлыг судлан үзэхэд,

·         1981-1996 он хүртэл 15 жилийн хугацаанд 1027 хүн хөнгөн бэртсэн

·         Харин дээрх хүмүүсийн 17 хувь нь хүнд бэртжээ

·         Тэгвэл 22 хувь нь амь насаа алдсан байна

·         Мөн 1100 жуулчны 8 нь эмнэлгийн тусламж авсан тоо баримт байна.

·         Энэ тоог зам тээврийн осллоор бэртсэн хүмүүстэй харьцуулахад эн зэрэгцэх хэмжээнд хүрчээ.

ISO 9001 стандартын тав дах хувилбар өмнөхөөсөө олон зүйлээр өөрчлөгдсөн

   Бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ, менежментийн тогтолцоонд тавигдах хамгийн энгийн шаардлага, хэм хэмжээг тогтоосон баримт бичиг болох стандарт гэж юуг хэлж байгаа тухай ойлголтыг бид өнгөрсөн удаад өгсөн. Тэр дундаа олон улсын ISO стандарт, компанийн засаглал, менежментийн тогтолцоо гээд өргөн хүрээнд Монголын менежментийн зөвлөхүүдийн холбооны гүйцэтгэх захирал Б.Хангайтай ярилцсан. Тэгвэл бид энэ удаад ISO 9001 стандартын талаар илүү сайн мэдлэг олгох үүднээс Олон Улсын Стандартын Академийн багш,  “Улаанбаатар эрдэм” их сургуулийн Инженерийн сургуулийн багш ISO 9000-ын олон улсын зөвлөх, тэргүүлэх аудитор О.Намжилыг урьж, ярилцлаа. Тэрбээр ISO 9001 стандарт нь хэрэглэгчийн сэтгэл ханамжийг 100 хувь хангаж, хүсэлд нь нийцүүлэх зорилгыг тавьдаг хэмээн онцолсон юм.

Б.Бямбасүрэн @byambaZGM

– ISO 9001 гэж юуг хэлж байна вэ. Энэ стандарт ямар шаардлагаар бий болсон юм бэ?

-ХХ зуунд үйлдвэрлэл, эдийн засаг хурдацтай хөгжиж эхэлсэн. Энэ хэрээр зарим бүтээгдэхүүн аюултай, хортой болсон. Тиймээс хөгжингүй орнууд тэр дундаа НАТО-гийн цэргийн байгууллагууд үйлдвэрлэгч талын бүтээгдэхүүнд тодорхой шаардлага тавьсан. Орж байгаа түүхий эд, материал, тухайн бүтээгдэхүүнийг хийх дамжлага гээд эхнээсээ дуусах хүртэлх үйлдвэрлэлийн бүх шат дамжлага төдийгүй удирдлагын менежментэд шаардлага тавьж эхэлсэн. Эндээс л ISO 9001 чанарын удирдлагын тогтолцоо эхэлсэн гэж хэлж болно.

Компаниуд тендерт шалгарахын тулд захиалагчийн тавьсан шаардлагыг үйлдвэрлэлдээ нэвтрүүлж, улмаар стандарт гэж зүйл бий болж эхэлсэн. Үүнийг энгийнээр тайлбарлавал бүдүүлэг алдаа гаргахгүй, найдвартай, үндсэн үйлдвэрлэлийн чанарын менежмент тогтолцоо болсон юм. Ингээд энэ арга нэгэнт үр дүнгээ өгч эхэлсэн учир Англи, Япон тэргүүтэй хөгжингүй орнууд энэ туршлагыг үйлдвэрлэлд тусган, стандарт гэдэг зүйлийг гаргасан юм. Тодруулбал, хамгийн анх Англи улс ISO 9001 олон улсын стандартыг олон улсын стандарчилалын байгууллага буюу ISO-д санал тавьж, улмаар 1979 онд чанарын удирдлагын техникийн хороог байгуулсан байдаг. Ингээд 1987 онд олон улсын ISO 9001 чанарын удирдлагын тогтолцооны стандарт анх удаа гарсан. Үүнээс хойш нийт таван удаа шинэчлэгдэж, хамгийн сүүлд 2015 онд ISO 9001: 2015 стандарт гарсан.

-Энэ стандартыг нэвтрүүлэх нь аж ахуйн нэгж, байгууллагад ямар ач холбогдолтой вэ?

-Компани, холбоо, үйлдвэр, сургууль ямар ч газар байсан бүтээгдэхүүн хийдэг, үйлчилгээ үзүүлдэг бол алдаагүй, будлиангүй ажиллаж, хэрэглэгчийн сэтгэл ханамжийг 100 хувь хангаж, хүсэлд нь нийцүүлэх зорилгыг ISO 9001 тавьдаг. Түүнээс энэ бол ерөөсөө ч бүтээгдэхүүний стандарт биш юм. Тэгэхээр хэрэглэгчийн сэтгэлд нийцсэн бүтээгдэхүүн үйлчилгээ үзүүлэхийн тулд нэгдүгээрт, бүтээгдэхүүнд тавих шаардлага, хоёрдугаарт, үйлдвэрлэлийн технологи, гуравдугаарт байгууллагын удирдах түвшний менежментийн үйл ажиллагааг тогтоох ёстой юм. Энэ бүхнийг хэрхэн хэрэгжүүлэхийг  ISO 9001 дотор нэг нэгэнгүй тусгасан байдаг. Ингээд ISO нэвтрүүлсэн компанийн бүтээгдэхүүн нь шаардлага хангаж, технологи хэвийн ажиллаж, захиргаа нь алдаа гаргахгүй. Үүнийг л ISO 9001чанарын удирдлагын тогтолцоо гэж байгаа юм.  

– ISO 9001нэвтрүүлсэн компаниудын өрсөлдөх чадвар ямар түвшинд байдаг вэ?

-Мэдээж хэрэг ISO 9001-тэй компанийг сонгох нь хамгийн найдвартай зөв сонголт болно. Зарим компаниуд ISO 9001-ээр нэр хүнд олж, дэлхийн тавцанд өрсөлдөж байна. Жишээлбэл, тендер шалгаруулахад ISO 9001-тэй газрыг сонгодог. Түүнчлэн байгаль орчны менежментийн бүлэг стандарт ISO 9000-ийнхтэй нэлээд хэсэг нь ижилхэн байдаг.  Тэгэхээр ISO 9001 хэрэгжүүлсэн тохиолдолд тэн хагас нь чанарын менежментийн тогтолцоо байдаг учраас байгаль орчны гээд өөр бусад стандартыг авахад дөхөм болно.

– ISO 9001-ын тав дахь хувилбар өмнөхөөсөө юугаараа өөр вэ. Ямар шинэ зүйлийг нэмж тусгасан бэ?

– ISO 9001:2008 бол 2008 оны дөрөв дэх хувилбар. Энэ стандартын гэрчилгээ авсан байгууллагын сертификат 2018 оны 9 дүгээр сард автоматаар хүчингүй болно. Тиймээс одоо 2015 онд гарсан стандартад шилжих ёстой. Хамгийн сүүлд гарсан тав дах хувилбар маань өмнөхөөсөө олон зүйлээр өөрчлөгдөж, шинэчлэгдсэн байгаа. Цоо шинэ элементүүд нэмэгдэж, бүтэц бүрэлдэхүүний хувьд өөрчлөлт орсон. 2008 оны стандартад таван бүлэг шаардлагатай байсан бол одоо долоон бүлэгт хуваарлигдсан.

ЗГМ: Нэг асуулт

Та ямар салбарт ажилладаг вэ. ISO 9001 стандартын талаар сэтгэгдлээ хуваалцахгүй юу. Та энэхүү сургалтаар хүссэн мэдлэгээ олж авч чадсан уу?

Олон Улсын Стандартын Академиас зохион байгуулсан сургалтанд оролцогч Г.Батхишиг:

-Гурван үе шаттай явагдах энэхүү сургалтад би хувиараа сууж байгаа. ISO 9001:2008 хэмээх чанарын удирдлагын тогтолцооны стандарт 2010 оноос Монголд нэвтэрсэн. Харин өнгөрсөн жил буюу 2016 онд энэ стандарт шинэчлэгдэж, ISO 9001:2015 болсон. Өмнөх стандарт найман бүлэг зүйлтэй байсан бол шинэчлэгдсэн нь 10 бүлэг зүйлтэй болсон гэж дуулсан. Үүнийг танилцуулах сургалт болох гэж байгаа тухай сонсоод мэдээлэл авахаар ирсэн юм. Учир нь олон байгууллагууд энэ стандартыг сонирхож, нэвтрүүлж эхлээд байна. Тиймээс цаашдын ажилд маань хэрэг болох учраас сургалтад сууж байгаа.

Re.Corp компанийн зохион бүтээгч С.Наранхүү:

-Би барилгын салбарын хүн. Манай салбарынхан ISO 9001 стандартыг маш хэрэгтэй хэмээн ярьцгааж байна. Гэсэн ч хэрэгтэй гэдгээс өөр мэдээлэл надад байхгүй учир ISO 9001 гэж чухам юу байдаг, ямар ач холбогдолтой вэ гэдгийг мэдэхээр энэ сургалтад сууж байна. Эндээс юу ойлгосон бэ гэхээр бүтээгдэхүүнээ хэрэглэгчдийн хүссэн хэмжээнд үйлдвэрлэе гэвэл энэ стандартыг судлаад, үүний дагуу үйлдвэрлэлээ явуулах юм бол хүний өмнө юу хийснээ баталж чадах юм байна. Хэрэглэгчид тухайн бүтээгдэхүүнд ямар ч эргэлзээгүй итгэх нэг баталгаа нь энэ стандарт юм байна гэдгийг сургалтаар маш сайн ойлгож авлаа.

Б.Бямбасүрэн

@byambaZGM

Бид өдөр тутмын амьдралдаа ямар нэг байдлаахр стандартыг мөрдөж байдаг. Жишээлбэл, сандал дээр суухад түүний өндрийн хэмжээ, барилгын шатны гишгүүрийн хэмжээ,  хоол хүнсний  орц, найрлага,   мах, ногоо зэргийг ямар нөхцөлд хадгалсан, ямар дарааллаар боловсруулсан гэх мэтчилэн бүх зүйл зураг төсөл, дүрэм, журам, технологийн зааврын дагуу хийгддэг. Бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ, менежментийн тогтолцоонд тавигдах хамгийн энгийн шаардлага, хэм хэмжээг тогтоосон баримт бичгийг стандарт гэж ойлгож болно. Тэгвэл Монгол Улсад анхны стандарт гарснаас хойш 60 гаруй жил болж одоо дэлхий нийтээр мөрдөж байгаа стандартуудыг нутагшуулах, нэвтрүүлэх, хэрэгжүүлэх үйл явц идэвхжиж байна. Энэ талаар Монголын менежментийн зөвлөхүүдийн холбооны гүйцэтгэх захирал Б.Хангайтай ярилцлаа. Тэрбээр төрийн байгууллага болон компанийн засаглалын амин сүнс нь олон улсын чанарын менежментийн тогтолцооны стандартыг хэрэгжүүлэх гэдгийг онцолсон юм.

-Хүмүүс чанар, аюулгүй байдлыг стандарт гэж ойлгодог. Тэгвэл үүнийг хэн яаж тогтоодог вэ. Стандарт гэж юуг хэлдэг юм бэ?

   -ISO хэмээх 160 гаруй  орны гишүүнчлэлтэй, 300 гаруй техникийн хороогоор дамжуулан стандартыг боловсруулж  баталдаг олон улсын байгууллага байдаг. Нэг техникийн хороо гэхэд хамгийн багадаа 100-аад улсын төлөөлөлтэй хуралдаж олон улсын стандартыг баталдаг. Хөдөлмөрийн аюулгүй байдлын стандарт дээр жишээ авч, тайлбарлая. Хөдөлмөрийн аюулгүй байдлын OHSAS 18001 Олон улсын стандарт энэ жил ISO 45000 болж шинэчлэгдэх гэж байна. Стандартыг шинэчлэх илүү боловсронгүй болгохын тулд дэлхийн улс орны төлөөллүүд өөрийн орны хууль эрх зүйн орчин, арга барил, онцлог зэргийг дэвшүүлж, тухайн батлах гэж буй стандарт тохирох эсэх, талаар хэлэлцдэг. Нэг стандартын төслийг хамгийн багадаа 3-5 жилийн хугацаанд боловсруулан хэлэлцэж баталдаг. Тиймээс стандартыг маш үр дүнтэй судалж байж тогтоодог гэсэн үг.

-Олон улсад хэдэн төрлийн стандартыг мөрддөг вэ. Тэдгээрээс Монгол Улсад хэд нь хэрэгжиж байна вэ?

     -Олон улсын 35 мянган орчим стандартыг дэлхийн 185 гаруй орон дагаж мөрддөг. Харин Монгол Улсын хувьд 6500 орчим стандарт байдаг бөгөөд эдгээрийн 35 орчим хувь нь олон улсын стандартын түвшинд хүрсэн гэсэн мэдээлэл бий.  Одоогийн байдлаар Монгол Улсад Олон улсын менежментийн тогтолцооны стандартыг нэвтрүүлсэн 70 гаруй аж ахуйн нэгж, байгууллага байна. Энэ нь төрийн болон хувийн хэвшлийн байгууллага, компанийн тоотой харьцуулахад харьцангуй доогуур үзүүлэлт юм. Юуны түрүүнд олон улсын менежментийн тогтолцооны стандартын давуу талын талаар мэдээлэл өгөх нь зүйтэй болов уу. Хамгийн сайн тал нь гэвэл олон улсын менежментийн тогтолцооны стандартыг нэвтрүүлсэн компаниуд дэлхийн хэмжээнд буюу олон улсад үнэлэгдэх боломжтой болно. Тухайлбал, Монголын нэг компани энэхүү олон улсын стандартыг нэвтрүүлснээр дэлхийн аль ч улсын ижил түвшний үйл ажиллагаа явуулдаг компанитай эн зэрэгцэж өрсөлдөх чадвартай болно гэсэн үг. Нөгөөтэйгүүр, энэ стандарт нь олон улсын зах зээлд хөрөнгө босгох, бизнесээ хөгжүүлэх давуу тал болдог. Олон улсын менежментийн тогтолцооны стандартыг нэвтрүүлсэнээр аль ч улсын зарласан тендерт оролцох боломжийг тухайн компанид бүрдүүлдэг.

Монгол Улсаа хөгжүүлэх хамгийн зөв гарц нь экспортын хэмжээг нэмэгдүүлэх явдал гэж эдийн засагчид үздэг. Тийм ч учраас Засгийн газрын түвшинд мах экспортлоно хэмээн ярьж эхэлсэн. Гэхдээ үүнийг хийж хэрэгжүүлэхийн тулд нэн түрүүнд олон улсад мөрддөг “Хүнсний аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо”-ны ISO 22000 стандартыг хангахад чиглэсэн  үйл ажиллагааг явуулах шаардлагатай. Өөрөөр хэлбэл, бараа бүтээгдэхүүнээ гаднын зах зээлд гаргах гэж байгаа манай дотоодын компаниуд олон улсын энэ стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлж, хэрэгжүүлэх шаардлагатай. Ингэснээр бидний дэлхийд гарах үүд хаалга нээгдэх болно.

-Танай байгууллага олон улсын хэдэн стандартыг нэвтрүүлэхэд хувь нэмэр оруулж байна вэ. Үйл ажиллагааныхаа чиглэлийн талаар бидэнд мэдээлэл өгөхгүй юу?

-Монголын компанийн менежментийг сайжруулах зорилгоор Европын сэргээн босголт хөгжлийн банкны санаачилгаар 2008 онд байгуулагдсан төрийн бус байгууллага. Бид менежментийн багуудад зөвлөх үйлчилгээ үзүүлэх, тэднийг чадавхижуулах зорилготой. Европын сэргээн босголт хөгжлийн банкнаас манай улсын жижиг, дунд үйлдвэрүүдэд маш олон чиглэлээр зээл тусламж үзүүлдэг. Эдгээрийн нэг нь зөвлөх үйлчилгээг дэмжихэд олгодог буцалтгүй тусламж юм. Гэвч үүнийг авах чадвартай компани цөөн байдаг. Тиймээс бид тухайн компанийн менежментийг сайжруулах, зээл, хөрөнгө оруулалт авах боломжийг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлдэг.

-Компанийн менежментийг сайжруулдаг гэхээр менежментийн тогтолцооны стандартыг нэвтрүүлдэг гэж ойлгож болох уу?

-Манайхан менежментийн стандартыг зөвхөн бараа бүтээгдэхүүний чанарын тухай асуудал мэтээр хүлээн авдаг. Гэтэл менежментийн стандарт нь сүүлийн 50-иад жилийн хугацаанд үргэлж өөрчлөгдөж, шинэчлэгдэж ирсэн. ISO гэхэд 100 жилийн түүхтэй. Анх 1901 онд гарч ирэх үед бүтээгдэхүүний чанарт анхаарч байсан бол 1954 онд олон улсын байгууллагаас бүтээгдэхүүний чанар удирдлага солигдох, анхаарал сулрах төдийд алдагдаж байна хэмээн дүгнэлт хийсэн. Тиймээс байгууллагын менежментийн баг буюу удирдлага өөрөө маш сайн байх ёстой юм байна гэсэн дүгнэлтэд хүрч, удирдлагын тогтолцооны стандартыг бий болгосон. Удирдлага өөрөө зөв стандарттай, зөв менежменттэй байвал бүтээгдэхүүний чанар тэр хэрээр сайн байна гэсэн тогтолцоо руу орсон.

-Менежментийн тогтолцооны стандарт Монголд хэр нэвтэрсэн байна вэ?

-Сүүлийн үед компаниуд олон улсын менежментийн тогтолцооны стандартуудыг хэрэгжүүлэх шаардлагатай юм байна гэдгийг ойлгож нэвтрүүлэх хүсэлтэй байгууллагуудын тоо нэмэгдэх хандлагатай болсон. Жишээлбэл, бараа бүтээгдэхүүнийг импортолдог дистрибютер компаниуд байна. Тэд олон улсын стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүн оруулж ирэхийн тулд өөрсдөө тэр стандартын шаардлагыг хангасан байх зайлшгүй шаардлагатай болж байгаа. “Энэ стандартыг нэвтрүүлмээр байна, гурван жилийн дараа 20 гаруй нэр төрлийн бараа бүтээгдэхүүнээсээ хоёрыг нь экспортлоно, таван жилийн дараа гэхэд 10-ыг нь гаргаад эхэлмээр байна” гээд зөвлөх үйлчилгээ, сургалт авах хүсэлтэй олон компаниуд бидэнд ханддаг.

Менежментийн тогтолцооны алдагдал томоохон групп компаниудад хүчтэй нөлөөлдөг. Тухайлбал, нэг том группын үүсгэн байгуулагч гээд нэг захирал байхад охин компанийн захирлууд солигдож байдаг. Энэ тоолонд тухайн компанийн менежмент алдагдаж, тодорхой хэмжээний хохирол амсаж, эрсдэл бий болдог. Энэ нь өөрийн гэсэн стандарт, удирдлагын тогтолцоо байхгүйтэй холбоотой. Олон улсын менежментийн тогтолцооны стандартыг нэвтрүүлснээр дэлхийн болон Монголын компанийн борлуулалт хэд дахин өсч, эрсдэл нь тэр хэмжээгээр буурсан байдаг. Дан ганц бараа бүтээгдэхүүн чанартай болох, орлого нэмэгдэх төдийгүй  дэлхийн зах зээлээс хөрөнгө босгоход давуу тал болдог. Лондонгийн хөрөнгийн биржээс жишээ татая л даа. Тэнд бүртгэлтэй үнэт цаас арилжаалдаг нийт компанийн 75 хувь нь энэ стандартыг нэвтрүүлсэн байдаг. Тэгэхээр эндээс ямар ач холбогдолтой  стандарт вэ гэдэг нь харагдаж байгаа биз.

-Олон улсын стандартын академийн үйл ажиллагааны талаар мэдээлэл өгөхгүй юу?

– Манайх Монголд хэрэгжүүлж болох олон улсын менежментийн тогтолцооны стандартуудын талаар мэдлэг олгох академитай. Тухайлбал: хөдөлмөрийн болон хүнсний аюулгүй байдал, хэрэглэгчийн сэтгэл ханамж, байгаль орчны болон чанарын менежментийн тогтолцоо гэх мэт олон улсын 10 гаруй стандарт бий. Эдгээрийг нэвтрүүлэх хүсэл сонирхолтой байгууллага, аж ахуй нэгжийн  удирдлага, менежерүүдэд зориулсан сургалтыг энэ сарын 9-нээс эхлэн бүтэн жилийн турш зохион байгуулах төлөвлөгөөгөө гаргаад байна. 2016 оны 01 сарын 10-наас 12-ны хооронд болох ISO 9001:2015 Чанарын менежментийн тогтолцооны стандартын сургалтандаа урамшуулал зарлаж эхний таван суралцагч нарт 50%-ийн хөнгөлөлт үзүүлнэ. Та бүхнийг манай сургалтад өргөнөөр оролцохыг урьж байна.

Сургалтын талаар мэдээлэл авах, бүртгүүлэх бол Утас: 70115522, 86678668 дугааруудад холбогдоно уу.   

-Ярилцсанд баярлалаа.